Tuesday, June 27, 2023

AICT-AsiaPCR 2023 хурал зохион байгуулагдана

Ази-Номхон далайн орнуудын судсан дотуурх мэс заслын нийгэмлэг (Asia-Pacific Society of Interventional Cardiology - APSIC) нь бүс нутгийн 20 орныг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн томоохон нийгэмлэг бөгөөд жил бүрийн чуулга уулзалтаа AICT-AsiaPCR нэрээр зохион байгуулдаг. 

Энэ жилийн чуулга уулзалт AICT-AsiaPCR 2023 чуулга уулзалт 2023 оны 09 сарын 21-22-ны хооронд Сингапурт зохион байгуулагдахаар товлогдоод байна. Тус хурал нь судсан дотуурх оношилгоо, эмчилгээний чиглэлээр ажиллаж буй эмч, судлаачид, залуу мэргэжилтнүүдэд өөрсдийн эмнэлзүйн, эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулах, бүс нутгийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс суралцах, харилцаа холбоо тогтоох таатай боломжийг олгодог. 

Түүнчлэн хурлын үеэр судсан дотуурх оношилгоо эмчилгээний чиглэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн компаниудад томоохон үйлдвэрлэгч, дэлхийд тэргүүлэх брендүүдтэй танилцах, ажил хэргийн холбоо харилцаа тогтоох, өөрийн орондоо эдгээр томоохон үйлдвэрлэгч, дэлхийд танигдсан брендүүдийн дистрибьютер буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч эрхийг авах хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээг байгуулах нэн таатай боломжийг ханган нийлүүлэгч компаниудад бүрдүүлснээр үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг билээ. 

"Монголын зүрх, судсан дотуурх эмч нарын нийгэмлэг" нь APSIC-ийн жинхэнэ гишүүн орны хувьд AICT-AsiaPCR 2023 чуулга уулзалтыг дэмжин ажиллаж буй бөгөөд өөрийн орны эмч, судлаач, залуу мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн ханган нийлүүлэгч байгууллагуудыг өргөнөөр оролцохыг уриалж байна. 




Friday, April 7, 2023

"Титмийн физиологи, хэт авиан оношилгоо" сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа

"Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын нийгэмлэг", "Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг" хамтран 2023 оны 04 сарын 04-05-ны өдрүүдэд "Титмийн физиологи, хэт авиан оношилгоо" сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. 

"Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг"-ийн Зүрхний төвийн ангиографийн оношилгоо, эмчилгээний баг хамт олон тус эмнэлэгийн ангиографийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмарын удирдлагаар 2020 оноос судсан дотуурх хэт авиан оношилгоо (intravascular imaging - IVUS), титмийн цусны урсгалын физиологийн үнэлгээ (fractional flow ratio - FFR, instantaneous wave-free ratio - iFR) зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол улсад өмнө эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад байсан титэм судасны хавсарсан хүнд хэлбэрийн нарийсал эмгэгийг өөрийн орондоо эмчлэх боломжийг бүрдүүлж, гадагш явах өвчтөний урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. 


Энэхүү 2 өдрийн сургалтанд УНТЭ, УГТЭ, УХТЭ, Цэргийн төв эмнэлэг, Интермэд эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг болон БОЭТ-үүдийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний мэргэшсэн эмч, инженер техникийн ажилтан зэрэг нийт 30 гаруй нарийн мэргэжилтнүүд хамрагдаж титмийн цусны урсгалын физиологийн үнэлгээ (FFR, iFR), титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо (IVUS) зэрэг дэвшилтэт технологийн талаар онол болон live case дамжуулалт хосолсон сургалтаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж оролцлоо. 

Tuesday, February 14, 2023

TERUMO LEARNING EDGE хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Дармштад хотын төв эмнэлэгт титэм судасны архаг бүрэн бөглөрлийн чиглэлээрх сургалтанд хамрагдлаа

"Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын нийгэмлэг"-ийн гишүүн эмч нарын баг 2023 оны 02 сарын 09-12-ны өдрүүдэд Терумо корпорацийн TERUMO LEARNING EDGE хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Дармштад хотын төв эмнэлэгийн профессор Gerald S. Werner болон түүний багийн хамт титэм судасны архаг бүрэн бөглөрөл (АББ)-ийн судсан дотуурх эмчилгээний чиглэлээр сургалтанд хамрагдлаа. 

Терумо корпорацийн TERUMO LEARNING EDGE хөтөлбөр нь судсан дотуурх мэс заслын чиглэлээр ахисан түвший сургалт, технологийн дэвшлийг хослуулан судсан дотуурх мэс заслын чиглэлээрх дэлхийн шилдэг баг хамт олонтой хамтран хавсарсан хүнд хэлбэрийн ажилбарыг гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэх, сургалтаар дамжуулан хамтын найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой хөтөлбөр билээ. 

Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Дармштад хотын төв эмнэлэгийн профессор Gerald S. Werner удирдан зохион байгуулж Монгол улсаас Интермед эмнэлэгийн Зүрх судас судлалын тасгийн эрхлэгч Х.Батмягмар, Орхон аймаг дахь БОЭТ-ийн ангиографийн тасгийн эмч Д.Эрдэмбилэг нарын эмч нар хамрагдлаа. Профессор Gerald S. Werner нь Дармштад хотын төв эмнэлэгийн Зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч бөгөөд титэм судасны нарийслын судсан дотуурх эмчилгээ, судсан дотуурх хэт авиан шинжилгээ, титэм судасны АББ-ийн эмчилгээ болон титэм судасны нарийслын эмчилгээнд лазер технологийг ашиглах талаар Европ төдийгүй дэлхий дахинд танигдсан мэргэжилтэн ба EuroCTO зэрэг нэр хүндтэй байгууллагын үүсгэн байгуулагч хийгээд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй мэргэжилтэн юм. 

Энэ удаагийн сургалтанд титэм судасны АББ-тэй нийт 4 өвчтөнд live ажилбарыг катетр лабораторид хийсэн ба ажилбарын үед ашиглагддаг тоног, төхөөрөмжүүдийг харилцан ярилцаж ажилбарт оролцох боломжтой байсан нь онцлог юм. Мөн титэм судасны АББ-ийн чиглэлээрх одоогийн удирдамжууд, судалгаануудын талаар болон ажилбарт ашиглагддаг тоног төхөөрөмжүүд, арга, техникүүдийн талаар лекц уншиж харилцан ярилцлаа.Профессор Gerald S. Werner-ийн зүгээс манай улсаас энэ удаагийн сургалтанд хамрагдаж буй эмч нарыг таатай хүлээн авч өөрийн баг хамт олонтой танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа найрсгаар илэрхийллээ. 

Friday, December 23, 2022

Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгийн гишүүнээр элслээ

Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэг (Asia-Pacific Society of Interventional Cardiology - APSIC)-ийн ээлжит AICT-AsiaPCR 2022 чуулга уулзалт дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөлөө буурч байгаа цаг үеийг тохиолдуулж Сингапур улсад 2022 оны 10 сарын 06-08-ны хооронд биеэр оролцох байдлаар зохион байгуулагдлаа. 



Тус хурлын үеэр Монгол улсыг төлөөлүүлж Монголын Зүрх, Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэг (Mongolian Society of Interventional Cardiology - MSIC)-ийг бүс нутгийн хэмжээний тус нийгэмлэгт албан ёсны гишүүн орноор элсүүлж, APSIC-ийн удирдах зөвлөлд Монголыг төлөөлж MSIC-ийн нарийн бичиг, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмарыг сонголоо. Түүнчлэн Х.Батмягмар эмчийг Монголын Зүрх, Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгийг Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгт албан ёсны гишүүн орноор элсүүлэхэд гаргасан хичээл зүтгэлийг үнэлж APSIC-ийн хүндэт гишүүн (fellow of APSIC - FAPSIC) цолыг олгосон баярт үйл явдал давхар тохиолоо.  

Monday, April 4, 2022

Судсан дотуурх хэт авиан шинжилгээний хяналттай ТСДЭ-г анх удаа хийлээ

Монгол улсын зүрх, судсан дотуурх мэс засал эмчилгээний практикт судсан дотуурх хэт авиан шинжилгээ буюу intravascular ultrasound (IVUS) технологийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвийн хамт олон хавсарсан, хүнд хэлбэрийн титэм судасны нарийслын судсан дотуурх эмчилгээ (ТСДЭ)-д анх удаа амжилттай хэрэглэлээ. 

Тус төвийн хамт олон зүүн титэм судасны ховдол хоорондын уруудах салаанаас эхэлж зүүн титмийн багана хэсэг буюу үндсэн салаа хүртэл үргэлжилсэн шохойжиж хатуурсан нарийсалд судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ний чиглүүлэг дор ТСДЭ-г хийсэн нь Монгол улсын судсан дотуурх оношилгоо эмчилгээний чадавхийг дэлхийн түвшинд хүргэхэд чухал түлхэц боллоо. 

Зүүн титмийн багана хэсэг, ховдол хоорондын уруудах салааг хамарсан нарийсал нь өндөр эрсдэлтэй титэм судасны эмгэгт тооцогддог ба Монгол Улсын Эрүүл Мэндийн сайдын 2017 оны А/370  тоот тушаалын 1-р хавсралтын Г-7 "зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал", Г-11 "зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон" тохиолдол гэдэг заалтын дагуу гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад бүртгэгдсэн байдаг. 

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвд Х.Батмягмар эмчээр удирдуулсан баг хамт олон дээрхи өндөр эрсдэлтэй титэм судасны нарийслын эмчилгээг өөрийн эх орондоо нутагшуулахаар ажиллаж байгаа ба энэ удаад дэлхийн судсан дотуурх эмчилгээний салбар дахь дэвшилтэт технологи болох судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-г энэ төрлийн эмчилгээний практикт нэвтрүүлснээр өөрийн орны иргэдийг өндөр өртөг зардалтайгаар гадаад улсад эмчлүүлэх байдлыг бууруулахад чухал үйл явдал боллоо. 


Ажилбарын өмнөх судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-д илэрсэн шохойжиж хатуурсан нарийсал. Судасны хөндийн диаметр 2 мм хүртэл нарийссан, зах ирмэг жигд бус шохойжиж хатуурсан байна.


Ажилбарын дараах судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ээр судасны хөндийн диаметр 3.5 мм хүртэл томорч нээгдсэн, судасны хөндийн зах ирмэг жигд, зөв дугй хэлбэртэй болсноор цусны урсгал чөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ. 

Monday, March 21, 2022

Гол судасны баллоон шахуурга

Монгол улсын зүрх, судсан дотуурх мэс засал эмчилгээний практикт  гол судасны баллоон шахуурга буюу intra-aortic balloon pump (IABP) хэмээх нэгэн цоо шинэ технологийг анх удаа зүрхний титэм судасны хавсарсан, хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвийн хамт олон амжилттай хэрэглэж Монгол улсын зүрх судасны эмчилгээний практикт нэгэн шинэ хуудсыг нээгээд байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр тус шинэ технологийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Гол судасны баллоон шахуурга (ГСБШ) нь зүрхний агшилтыг механикаар дэмжиж, гемодинамикийг хангах зориулалттай хамгийн түгээмэл хэрэглэгддэг төхөөрөмж юм. ГСБШ нь янз бүрийн шалтгаантай зүрхний дутагдлын үед гол судсанд байрлуулж, улмаар зүрхний агшилт, сулралын мөчлөгтэй уялдан хийлэгдэж, суларч байхаар зохион бүтээгдсэн тусгай баллоон бүхий катетер, түүнийг удирдах төхөөрөмжөөс бүрдсэн иж бүрдэл систем юм.

ГСБШ-ын зүрхний мөчлөгт үйл ажиллагаатай уялдаж ажиллах зарчим

ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааны диастолын үед гол судсанд байрлуулсан баллоон хийлэгдэж гол судсан дахь диастолын даралтыг дэмжих замаар титмийн цусны урсгалыг нэмэгдүүлэх, систолын өмнө баллоон сулрах замаар зүрхний дараах ачааллыг бууруулах гэсэн ерөнхий зарчмаар ажиллаж гемодинамикийг механикаар дэмжиж өгдөг. Ингэхдээ ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааг өвчтөний биед холбосон электродуудад бичигдэж буй зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ээр дамжуулж мэдэрнэ. Үүнд: зүрхний систолын үед буюу QRS-Т интервал үргэлжлэх хугацаанд баллоон сулрах (баллоон сулрах үйл явц R шүдний оройн цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ), T-P интервал үргэлжлэх хугацаанд баллоон хийлэгдэх (баллоон хийлэгдэх үйл явц Т шүдний голын цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ) байдлаар ажилладаг (Зураг 1).

Зураг 1. ГСБШ-ын ажиллагаа ЗЦБ-тэй уялдах байдал. Улаан муруйгаар гол судсанд үүсэх даралтыг, цэнхэр муруйгаар баллооны даралтыг дүрслэв.

ГСБШ нь дээрхи зарчимаар ажилласнаар зүрхний өмнөх болон дараах ачаалалд нөлөөлөх замаар гемодинамикт эерэг нөлөө үзүүлдэг. Ингэхдээ диастолын үед баллоон тэлэгдсэнээр гол судасны баллоонаас өмнө байрлах хэсгийн цусыг буцаан түрснээр титмийн цусны урсгал, гол судасны нум хэсгээс салаалж буй артерийн салаанууд дахь нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Түүнчлэн диастолын үед баллоон хийлэгдсэнээр гол судас зэрэг уян ширхэг ихтэй том судасны хананд ирэх даралтыг нэмэгдүүлж судасны ханыг сунгах бөгөөд үүний дүнд уян харимхай шинж чанарынхаа дагуу том судаснууд буцаж агшихдаа ердийнхөөс хүчтэй агшиж хөндий доторхи цусаа цааш хөөж түрнэ. Энэн ГСБШ-ыг хэрэглэх үед захын цусан хангамжийг сайжруулах дахин нэг нөхцөл болдог. Харин систолын үед баллоон суларснаар баллооны хийлэгдэх үедээ эзэлж байсан эзэлхүүн гэнэт хоосон болсноор вакум үүсэх ба үүний дүнд гол судсан дахь даралт ердийн үеийнхээс бага болох бөгөөд энэ нь зүүн ховдол агших үедээ давж гарах ёстой байсан даралтын хэмжээг багасгаж өгснөөр зүрхний дараах ачааллыг бууруулж (энэ нь зүүх ховдлын даралт систолын үед буурах байдлаар илэрнэ) зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгаж үйлчилнэ (Зураг 2, Зураг 3, Зураг 4).

Зураг 2. ГСБШ-ыг хэрэглэснээр гол судсан дахь даралтад гарах өөрчлөлтийг харуулав.  

Зураг 3. ГСБШ-ыг хэрэглэснээр гемодинамикт гарах эерэг өөрчлөлтүүд.

Sunday, December 26, 2021

Монголын зүрх, судсан дотуурх эмчилгээний салбарт нэвтэрсэн шинэ технологиуд

Манай оронд анх 2000 оны 10-р сард буюу дэлхийд энэ эмчилгээ эхэлснээс хойш 23 жилийн дараа Францын доктор Б.Жерардин, ангиологи эмч З.Лхагвасүрэн, эмч Л.Жаргалсайхан нар зүрхний шигдээсийн үед титэм судсанд тэлэгч хана (стент) тавих эмчилгээг хийгээд 20 жил болж байна. Бид титэм судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээнд дараах шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлээд байна. 

2016 оноос титэм судаснаас бүлэн соруулах технологи


Баруун титэм артери бүлэнгээр бүрэн бөглөрсөн байдал


Бүлэн соруулах катетр ашиглан баруун титэм артери дахь бүлэнг соруулж авсны дараа цусны урсгал сэргэсэн байдал

2017 оноос титмийн гол багана артерийн бөглөрөл, титмийн архаг бөглөрөлийг хосолмол аргаар эмчлэх технологи


Зүүн титмийн багана хэсэг болон ховдол хоорондын уруудах салааны архаг бөглөрөл бүхий хавсарсан, хүнд хэлбэрийн титэм судасны нарийсал


Нарийслыг титэм судсан дотуурх эмчилгээгээр амжилттай эмчилж титмийн цусны урсгалыг сэргээсэн байдал

Categories